🖤🖤🖤Гоё амьдар...
... Зүүсгэл ээ өмссөн шувууд тэнгэртээ одовч битгий гунигла
Зүсэрхэн бороо уужыг нь өмсүүлчихээд аваад явж байгаа юм
Зүрхшин эмээсэн салхи даарахдаа сэтгэлд чинь хуравч битгий гунигла
Зүрэм уулсын судагаар сэрүүн татахад эмзэглэн чамд ээнэгшиж байгаа юм...
...Борог халиурсан намрын шаргал өдрүүдэд битгий гунигла
Болзоонд урьсан зун гоёлыг нь өмсгөчихөөд аваад явж байгаа юм
Бороо шивэрсэн намуухан үдшээр битгий гунигла
Бодолд минь ургасан шүлгэн бүсгүй найргийн мандалд бүжиглэж байгаа юм
Болж өнгөрсөн бүхэнд өөрийгөө буруутган битгий гунигла
Бодолхийлэх зуурт жаргалын шувууд зүрхнээс чинь дэрвэчихнэ
Болор жүнзний амсар үнсэн залуухан насаа битгий уйлуул
Баяр, жаргалын нар хиртээд ирээдүйн чинь харгуй сүүмийж манантана...
...Зүгээр л... Зүгээр л дураараа гоё амьдар
Зүрхэндээ хайрыг мэдрээд дүүрэн амьдар
Зөрөгт жимээр дураараа тэнүүн алх
Зөөлөн эгшгийн хорвоод шүлэг шиг минь гоё амьдар...
...Учралд нялхамсадаг орчлонд гоё амьдар
Уянгат симфонийн аялгуунд эргэн бүжиглэх шиг гоё амьдар
Уруул амтласан анхны үнсэлт шиг догдлолтой гоё амьдар
Урийн түрүүчтэй шувууд ирэхэд угтан баясаж гоё амьдар...
...Амрагийн шивнээнд хайлан уярч гоё амьдар
Аадар шаагих шиг бодлоо асгаад эрх чөлөөтэй гоё амьдар
Анхилуун цэцэгс дэлбээлэх шиг харцанд ургаж гоё амьдар
Айзам яруу үгээр минь жигүүрлэж нисээд гоё амьдар...🌹🌹🌹